Түүхэн товчоо

Түүхэн товчоо

Шинэчлэж байна…

Жаргалант сум нь 1927 онд “Сангийн тариалан” нэртэй байгуулагдан газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж иржээ. Тус сум нь Улаанбаатар хотоос 135 км, Зуунмод хотоос 180 км зайд оршдог. Энэ бүгд нь хатуу хучилттай замаар холбогдсон.

Байгаль, газар зүйн онцлог
Жаргалант сум нь далайн түвшинээс дээш 850-1050 метр өндөрт оршдог.
Уур амьсгал, цаг агаар аядуу зөөлөн учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай. Жилдээ дунджаар 190-250 мм тунадас унадаг бөгөөд зарим жилд 300-400 мм тунадас унадаг. Жилийн агаарын дундаж температур -2 хэм, өвлийн хамгийн хүйтэн 1-р сард -35-40 хэм, зуны хамгийн халуун нь +30-35 хэм. Ашигтай дулааны нийлбэр 1800-2200 хэм, хүйтрэлтгүй хоногийн тоо 90-100 хоног.
Хангайн нурууны ойт хээрийн бүсэд хамаардаг.Сүрлэг сайхан уул, нуруудад нарс, хус, улиас, бургас зэрэг моднууд, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, үхрийн нүд зэрэг жимс, ойн мөөг, талын мөөг, алтан гагнуур, ганга, сөд өвс, таван салаа зэрэг эмийн ургамлууд элбэг ургадаг.
Тээл, Буга, Бэлх, Хурх, Жаргалант, Угтаал зэрэг гол, Шинэдий, Загдалын нууруудад алгана, гөлтгөнө, хэлтэг зэрэг загаснууд, хун, галуу, ангир, цахлай, нугас зэрэг усны шувуудаар тус тус баялаг.
Чоно, буга, үнэг, дорго, тарвага, бор гөрөөс, гахай шилүүс, нохой зээх, бор туулай зэрэг ан амьтад, ёл, тас, хур, сойр, ятуу,  тогоруу зэрэг жигүүртэнтэй.
“Хуурай нуга” ,”Наран толгойн” алтны үндсэн ордуудад шар, цагаан алт, мөнгө, зэс, төмрийн нөөц ихтэй бөгөөд 2005 оноос “Наран толгой”-н алтны үндсэн ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэн-Хун” ХХК ашиглаж байна.

Түүхийн хуудас

Эх орны түүх  орон нутгийн түүхээс бүтдэг учир  сумын түүх бол улсын түүхийн салшгүй хэсэг юм. 1911 онд Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд Богдхан уулын аймгийн анхдугаар их хурлаар Түшээт хан аймгийг Богдхан уулын аймаг болгон өөрчлөх үед Жаргалант сумын нутаг нь Баян-Өлзийт сумын 7-р багт, дараа нь Баянчандмань суманд харьяалагдаж байгаад Жаргалантын САА-г улсын морин заводтой нийлснээс хойш 1927 онд захиргааны нэгж сум бий болсноор Жаргалант сум Сангийн аж ахуй бий болсон түүх эхэлдэг. 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр байгуулагдан морин анжисаар газар хагалж үр тариа тарин үйл ажиллагаагаа эхэлсэн. 1929 онд дээд байгууллагын шийдвэрээр Жаргалант Сангийн Аж Ахуй болгон өөрчилсөн.

Газарзүй

Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.