Танилцуулга

Танилцуулга

ЖАРГАЛАНТ СУМЫН ТАНИЛЦУУЛГА
Манай сум нь 1927 онд “Сангийн тариалан” нэртэй байгуулагдан газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Жаргалант сум далайн түвшинээс дээш 850-1050метр өндөрт оршдог.Сүрлэг сайхан уул, нуруудад нарс, хус, улиас, бургас зэрэг моднууд, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, үхрийн нүд зэрэг жимс, ойн мөөг, талын мөөг, алтан гагнуур, ганга, сөд өвс, таван салаа зэрэг эмийн ургамлууд элбэг ургадаг.Тээл, Буга, Бэлх, Хурх, Жаргалант, Угтаал зэрэг гол, Шинэдий, Загдалын нууруудад алтгана, гөлтгөнө, хэлтэг зэрэг загаснууд, хун галуу, ангир, цахлай, нугас зэрэг усны шувуудаар баялаг билээ.Чоно, буга, үнэг, дорго, тарвага, бор гөрөөс, гахай шилүүс, нохой зээх, бор туулай зэрэг ан амьтад, ёл, тас, хур, сойр, ятуу, тогоруу зэрэг жигүүртэнээр баялаг нутаг билээ.
НИЙТ: 186,8 мянган га нутаг дэвсгэртэй.
Засаг захиргааны нэгж 4багаар зохион байгуулагдсан.Төв аймгийн татварын албанд бүртгэлтэй 127 өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас төсөвт байгууллага-7, Онцгой байдлын харъяа Улсын үрийн нөөцийн салбар-1, төрийн бус байгууллага-1, банк санхүүгийн-3 салбар, хувийн хэвшлийн 80 гаруй аж ахуй нэгжүүд тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.
НИЙТ:6348 хүн амтай, 1955 өрхтэйгээс сумын төвд 1384өрх, хөдөөд 571 өрх тус тус амьдардаг бөгөөд нийт хүн амын 70,0 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг.
Монгол улсын ойт хээрийн бүсийн өмнөд хэсэгт газар зүйн тохиромжтой байршил, үржил шимтэй хар шороон хөрстэй нутаг дэвсгэрт байгуулагдсанаас хойших 80 гаруй жилд газар тариаланг тогтвортой, амжилт бүтээлтэйгээр эрхлэн өнөөдрийг хүрч байна.
Сумын эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар нь газар тариалангийн салбар бөгөөд нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 50 орчим хувийг дангаараа бүрдүүлж ирсэн.
НИЙТ:160,7 мянган толгой малтай.Үүнд: тэмээ-6, адуу-9083, үхэр-14052, хонь-84629, ямаа-53003 орчим малтай.