Сумын төв

Сумын төв

Жаргалант сум нь 1927 онд “Сангийн тариалан” нэртэй байгуулагдан газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж иржээ. Тус сум нь Улаанбаатар хотоос 135 км, Зуунмод хотоос 180 км зайд оршдог. Энэ бүгд нь хатуу хучилттай замаар холбогдсон.

Байгаль, газар зүйн онцлог
Жаргалант сум нь далайн түвшинээс дээш 850-1050 метр өндөрт оршдог.
Уур амьсгал, цаг агаар аядуу зөөлөн учир хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай. Жилдээ дунджаар 190-250 мм тунадас унадаг бөгөөд зарим жилд 300-400 мм тунадас унадаг. Жилийн агаарын дундаж температур -2 хэм, өвлийн хамгийн хүйтэн 1-р сард -35-40 хэм, зуны хамгийн халуун нь +30-35 хэм. Ашигтай дулааны нийлбэр 1800-2200 хэм, хүйтрэлтгүй хоногийн тоо 90-100 хоног.
Хангайн нурууны ойт хээрийн бүсэд хамаардаг.Сүрлэг сайхан уул, нуруудад нарс, хус, улиас, бургас зэрэг моднууд, гүзээлзгэнэ, улаалзгана, аньс, мойл, үхрийн нүд зэрэг жимс, ойн мөөг, талын мөөг, алтан гагнуур, ганга, сөд өвс, таван салаа зэрэг эмийн ургамлууд элбэг ургадаг.
Тээл, Буга, Бэлх, Хурх, Жаргалант, Угтаал зэрэг гол, Шинэдий, Загдалын нууруудад алгана, гөлтгөнө, хэлтэг зэрэг загаснууд, хун, галуу, ангир, цахлай, нугас зэрэг усны шувуудаар тус тус баялаг.
Чоно, буга, үнэг, дорго, тарвага, бор гөрөөс, гахай шилүүс, нохой зээх, бор туулай зэрэг ан амьтад, ёл, тас, хур, сойр, ятуу,  тогоруу зэрэг жигүүртэнтэй.
“Хуурай нуга” ,”Наран толгойн” алтны үндсэн ордуудад шар, цагаан алт, мөнгө, зэс, төмрийн нөөц ихтэй бөгөөд 2005 оноос “Наран толгой”-н алтны үндсэн ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тэн-Хун” ХХК ашиглаж байна.